Call Us:
0.312.492 1028
Email Us:
ankara@mfa.gov.mn

Турк дахь Монгол иргэд

Турк дэх Монгол иргэд

Турк дэх Монгол иргэд

Туркийн холбогдох байгууллагын мэдээллээр 2016 оны байдлаар Монголын 730 гаруй иргэн Туркэд албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй амьдарч, суралцаж, ажиллаж байна.

Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах шийдвэрийг Туркийн Засгийн газар 2007 онд дангаараа гаргаснаар Туркэд жуулчлал, хувийн хэргээр зорчдог Монгол иргэдийн тоо нэмэгдсэн байна. Улаанбаатар-Истанбулын чиглэлд 2012 оноос Туркийн авиа компани долоо хоногт гурван удаа  шууд нислэг үйлдэх болсон. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Иргэд харилцан зорчих тухай хэлэлцээр 2014 оны 4 дүгээр сарын 11-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 180 хоног дотор 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм. Эдгээр хоёр арга хэмжээний дүнд Туркт ажиллаж амьдрах, сурах, аялах, худалдаа наймаа хийх, эмчлүүлэх зорилготой зорчдог Монгол иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр 2016 онд гэхэд л 10 мянга илүү иргэд Туркэд зорчжээ.

Үүний зэрэгцээ зөвхөн Истанбул хотод албан бус мэдээгээр Монголын 4 мянга орчим иргэд амьдарч, ажиллаж байна. Иргэд эвлэлдэн нэгдэж бие биедээ харилцан туслах, мэдээлэл солилцох холбоо нийгэмлэгийг байгуулах болов. Тухайлбал Истанбулд суугаа Монголын ЕКГ-ын дэмжлэгээр “Монгол ахан дүүсийн холбоо” /Moğolistan Dostluk Dernek/, “I-Mongol” төв зэрэг ТББ-ууд байгуулагдан ажиллаж байна.

Монгол оюутнууд Истанбул, Анкара, Измир, Эскишэхир, Конья, Самсун, Кайсэри, Чанаккале, Эрзурум, Гази-Антеп, Кожаэли, Сакария, Испарта, Эдирнэ хотын их, дээд сургуульд суралцаж байна. Туркэд их дээд сургууль төгсөгчид нь эвлэлдэн нэгдэж  ATA буюу “Туркэд Төгсөгчдийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийг Улаанбаатарт байгуулсан. Туркэд суралцахаар ирэгчид тус нийгэмлэгээс зөвөлгөө авч болно. Фейсбук хаяг: ATA Туркэд Төгсөгчдийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг