
"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУД ХҮРЭЛЦЭН ИРЭВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр, Истанбул дахь Ерөнхий консул Д.Анхбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбулын техникийн их сургууль, Йылдыз техникийн их сургууль, Босфорын их сургуульд суралцах оюутнуудыг Истанбулын олон улсын нисэх буудалд угтан авч уулзан холбогдох мэдээлэл өгч, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ оны 1 дүгээр сард Турк Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Боловсролын яам, Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн дагуу "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилээс эхлэн манай 32 оюутан Туркийн нэр бүхий их сургуулиудад суралцахаар шалгарсан юм.
Эдгээр оюутнуудыг хүлээн авахаас өмнө Анкара дахь ЭСЯ-наас Турк Улсын Дээд боловсролын зөвлөл болон их сургуулиудтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулж урьдчилан бэлтгэлийг хангасны үндсэн дээр монгол оюутнууд сонгосон сургуулиудад шууд суралцаж эхлэх юм.