“МОНГОЛ НООЛУУРЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Тус ЭСЯ, Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газартай хамтран ТуркийнХудалдааны яамны дэмжлэгтэйгээр “Монгол ноолуурын өдөр” арга хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 14, 15-нд Истанбул хотноо зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүндэт зочноор, Туркийн Худалдааны яам болон бусад байгууллагын төлөөлөгчид, Турк Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, бизнесийн салбарынхан оролцов.
Элчин сайд О.Лхагвасүрэн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын “Цагаан Алт” хөтөлбөр болон ноолуурын үйлдвэрлэл, экспортын талаар танилцуулсаны зэрэгцээ дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, амьсгалдаг зэрэг шинж чанараараа дэлхийд алдартай монгол ноолуурыг Туркийн зах зээлд нэвтрүүлэхэд энэ удаагийн арга хэмжээ нэг чухал алхам болж буйг онцлон тэмдэглэв. ТүүнчлэнЕвропын орнуудад, түүний дотор загварын ертөнцийн гол төлөөлөл Италийн тансаг брэндүүдэд аль хэдийнэ танигдсан монгол ноолуур туркийн хэрэглэгчдийн таашаалд нийцнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
“Монгол ноолуурын өдөр” нь Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх, мөн нэхмэл, оёмол бүтээгдэхүүнээрээ Европын зах зээлд чухал байр суурь эзэлдэг туркийн талтай хамтын ажиллагаа тогтоож, хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтран ажиллаж, урт хугацааны, тогтвортой түншлэлийг бий болгоход түлхэц өгсөн үр дүнтэй арга хэмжээ болов.
Энэхүү арга хэмжээнд Bodio’s компани бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, туркийн бизнесийн салбарынхантай хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан бөгөөд арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид болон Bodio’s компанийн бараа, бүтээгдэхүүний павильоноор зочилж буй хүмүүсийн асууж, сонирхож буй байдлаас ажихад монгол ноолуур туркийн иргэд, бизнесийнхний анхаарлыг татаж байгаа нь анзаарагдсан тул цаашид “Монгол ноолуурын өдөр”-ийг Турк Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулж, Монголын ноос, ноолуур үйлдвэрлэгч бусад компаниудыг татан оролцуулж, тэдний бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, экспортод гаргах чиглэлээр тус ЭСЯ дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Турк Улсад өвлийн улирал эхэлсэн энэ цаг үетэй давхцан Монголын BODIOS компани туркийн хэрэглэгчдэд “дулаахан” бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан нь олны талархлыг хүлээв.
